Онцлох Булан: Юнитерра Хөтөлбөрийн Санаачлагаар Ноос, Ноолуурын Салбарынхан Хамтын Ажиллагааны Зөвлөл Байгуулан Ажиллаж Эхэлжээ


Монголын ноос, ноолуурын салбарын тогтвортой хөгжлийн үндсэн бодлого, үйл ажиллагааны уялдааг зохицуулах үндсэн зорилготой НООС НООЛУУРЫН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЗӨВЛӨЛ-ийг ЮНИТЕРРА МОНГОЛ хөтөлбөрийн санаачилга болон бодлого боловсруулагч, хувийн хэвшил, боловсролын байгууллагуудын дэмжлэгтэйгээр 2017 оны эхээр үүсгэн байгуулжээ. Зөвлөл байгуулагдсанаар оролцогч талуудын уялдаа холбоо сайжрах, салбарт чиглэсэн үр дүнтэй бодлого явуулах, чанартай хүний нөөц бэлтгэхэд түлхэц болох давуу талтай юм. 


Ноос, ноолуурын салбарыг хөгжүүлэх Хамтын ажиллагааны зөвлөлийн хийгдсэн ажил, цаашдын хэрэгжүүлэх зорилт” сэдэвт мэдээлэл хуваалцах уулзалт, хэлэлцүүлэг 2017 оны 5 дугаар сард зохион байгуулагдаглаа. Гурав дахь удаагаа болж буй энэхүү уулзалтад харьяа яамд, “Говь”, “Гоёо”, “Blue sky”, “Cashmere holding”, “Khanbogd”, “Nans cashmere” зэрэг хувийн аж ахуйн нэгжүүд мөн Монголын ноос, ноолуурын холбоо (МННХ), Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо гэсэн мэргэжлийн холбоод, ШУТИС, Монгол-Солонгосын Политехник Коллеж зэрэг боловсролын байгууллагуудын төлөөлөл нийлсэн 60 гаруй хүн оролцсон юм. Уулзалтын эхэнд Хамтын ажиллагааны зөвлөлд оролцогч талууд “Ноос, ноолуурын салбарыг хөгжүүлэх хамтын ажиллагааны зөвлөлийн хийгдсэн ажил, цаашдын хэрэгжүүлэх зорилт”-ын мэдээллийг сонссон юм. Үүний дараа ноос, ноолуурын салбарыг хөгжүүлэх хамтын ажиллагааны зөвлөлийг өргөжүүлэх цаашид хийгдэх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэж баталлаа.

Канадын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгждэг “Юнитерра” хөтөлбөрий хүрээнд Ноос, ноолуурын салбарыг хөгжүүлэх чиглэлээр санаачлан хэрэгжүүлж буй ажлууд болоод цаашдын зорилтын талаар Салбар хариуцсан мэргэжилтэн Д.Сэнгэлмаа илтгэл тавьсан юм. Мөн энэ үеэр тус хөтөлбөрөөс МННХ-нд Пантон 2017-2018 оны өнгөний каталоги хүлээлгэн өгөх ёслол болсон нь уулзалтад ирсэн төлөөлөгчдийн талархлыг хүлээлээ.

Уулзалтын үеэр Юнитерра Монгол хөтөлбөрийн Салбар хариуцсан мэргэжилтэн Д.Сэнгэлмаатай хийсэн ярилцлагыг толилуулж байна.

#-Юуны өмнө та  “Юнитерра” хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй танилцуулна уу?

Канад улсад төвтөй “Канад Улсын Дэлхийн их сургуулийн үйлчилгээ” (КУДИСҮ- WUSC) төрийн бус байгууллага 2015 оны 9 дүгээр сард Монгол улсад төлөөлөгчийн газраа нээж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Тус байгууллага нь Канад улсын Гадаад хэргийн яамаар дамжуулан Канад улсын Засгийн газрын санхүүжилтээр Монгол улсад ноос ноолуурын салбар болон модон араг хийц бүхий барилгын салбарт

дэмжлэг үзүүлэх хамтын ажиллагааны Юнитерра хөтөлбөрийг 2015-аас 2020 он хүртэл хэрэгжүүлж байна. КУДИСҮ байгууллага нь сайн дурын ажилтнуудын оролцоотойгоор, түншлэлийг хөгжүүлэх замаар залуучууд, эмэгтэйчүүдийн ур чадвар, ажил эрхлэлт, орлогыг нэмэгдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг. Дээрх зорилгуудад хүрэхийн тулд, ноос ноолуур ба барилгын салбарт үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байгаа нь Засгийн газрын 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтуудтай нийцэж байгаа. Энэ хөгжлийн хөтөлбөр нь Африк, Латин Америк, Азийн 14 орны хот хөдөөгийн хүн амын, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхэд залуучуудын, нийгэм-эдийн засгийн нөхцлийг холбогдох талуудтай хамтран сайжруулах чиглэлээр үйл ажиллагаагаа зохион байгуулан ажилладаг.

Энэ хоёр салбарынхаа зах зээлийн судалгаа, нэмүү өртгийн сүлжээний дүн шинжилгээг хийсэн. Уг судалгаан дээр үндэслээд салбарын хөгжилд тээг болж байгаа ямар асуудал руу нь хүч нөөцөө чиглүүлж ажиллавал болох вэ гэдгээ тодорхойлж байна. Энэ хүрээнд ноос, ноолуурын салбарт нэмүү өртгийн сүлжээ хэрхэн тогтвортой хөгжиж байна вэ, нэн ялангуяа, Монгол Улсад валют олж ирдэг алт, зэсний араас ордог, хамгийн их хэмжээний нэмүү өртөг, ажиллах хүчнийг шингээдэг, ажлын байрыг олноор бий болгодог, байгаль орчинд харьцангуй ээлтэй, нөхөн сэргээгдэх боломжтой  ноос, ноолуурын салбар хөгжихөд тулгамдсан ямар гол асуудал байна вэ гэдгийг илрүүлэх, түүнд нөлөөлж буй хүчин зүйл рүү чиглэсэн, оролцогч бүх талын хамтын ажиллагааг дэмжсэн үйл ажиллагаа байх нь чухал гэж үзэж байна.

#- Ямар асуудал вэ?

Монгол Улсад бэлтгэгдэж байгаа 8900 тонн түүхий ноолуурын 80 гаруй хувь нь бараг боловсруулагдахгүйгээр гадагшаа гарч байна. Ингэж нэмүү өртөг шингэж чадахгүй, түүхий шахуу гарч байна гэдэг нь тэр хэмжээний ажлын байр, орлого, валютын урсгал хаагдаж байна гэсэн үг. Гэтэл дөнгөж 8-9 хувь нь эцсийн бүтээгдэхүүн болж байна. Энэ салбарт 10 гаруй мянган хүн ажилладаг. Тэдний ихэнх нь эмэгтэйчүүд, залуучууд. “Юнитерра” хөтөлбөрийн зорилго бол эмэгтэйчүүд, залуучуудад чиглэгдсэн үйл ажиллагааг түлхүү явуулдаг. Тийм учраас энэ бол хамтарч ажиллахад маш тохиромжтой салбар гэж үзсэн.

Ноос, ноолуурын салбарын Хамтын ажиллагааны зөвлөл байх ёстой гэдэг санаачилгыг танай хөтөлбөрөөс гаргасан гэсэн байх аа?

Энэ санаачлагыг бид МННХ-тойгоо хамтраад дэвшүүлж тавьсныг төр засаг дэмжсэн. Тэрэн дундаа ХХААХҮЯ илүүтэй дэмжсэн. Мөн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн түвшинд залуу боловсон хүчнийг бэлтгэхэд маш их хувь нэмэр оруулдаг НХХЯ, дээрээс нь энэ  салбарын дээд боловсролын бодлогыг зангидаж байдаг БСШУСЯ бас бодлогын түвшинд дэмжиж оролцож байна. 2016 оны 12 сард “Ноос, ноолуурын салбарын хамтын ажиллагааны зөвлөл байгуулах ба хүний нөөцийн бодлого”-ын уулзалт-хэлэлцүүлэг, 2017 оны 2 сард “Ноос, ноолуурын салбарын хамтын ажиллагааны зөвлөлийн бүтэц, зохион байгуулалт ба Ажлын хэсгүүд” уулзалтыг МННХ удирдан чиглүүлж, Канадын Юнитерра хөтөлбөр дэмжиж, хамтран зохион байгуулсан ба уулзалтуудын үр дүнд Ноос, ноолуурын салбарын тогтвортой хөгжлийн үндэс болсон эдийн засгийн хувьд үр ашигтай, нийгмийн хөгжилд хариуцлагатай, байгаль орчинд ээлтэй, салбарын хөгжилд оролцогч бүх талуудын төлөөллийг хамруулсан, салбарын гол оролцогч талууд болох төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, ТББ-ууд болон дээд боловсрол, мэргэжлийн сургалтын байгууллага, судалгааны байгууллагуудын оролцоог хангасан, Ноос, ноолуурын салбарын Хамтын ажиллагааны зөвлөл байгуулж, нэн тэргүүнд ур чадвартай хүний нөөцийг бэхжүүлэх асуудлыг авч хэлэлцэн, цаашид хамтын ажиллагааны замаар салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, хамтран шийдвэрлэх шаардлагатай байгаа талаар нэгдсэн ойлголтонд хүрсэн.

– Цаашид Юнитерра хөтөлбөр, ноос ноолуурын салбарын хамтын ажиллагааны хүрээнд хэрхэн дэмжлэг үзүүлж ажиллах төлөвлөгөөтөй байгаа вэ?

2016 болон 2017 оны эхээр амжилттай хэрэгжсэн хөгжлийн дэд төслүүдийг 2017 оны хагас болон 2018 онд хэсэгчилэн дэмжих, ололтыг бататгах боломжийг судалж байгаа. Энэ хүрээнд Хөгжлийн дараах дэд төслүүдийг бүрэн утгаар нь тасралтгүй хэрэгжүүлэхэд Хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүд, бусад төсвийн болон хувийн хэвшлийн салбар, доноруудын хамтын санхүүжилт болон гүн боловсруулах үйлдвэрүүдийн ур чадвартай мэргэжилтнүүдийн оролцоог хангах, сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн хувьд ажлын байран дээрх дадлагын хөгжилд дээд болон МСҮТ, коллежийн түвшний сургалтын байгууллагууд зэрэг оролцогч талууд хамтран ажиллаж, ур чадвартай хүний нөөцийн дутагдлыг сайжруулахад хувь нэмэр оруулах шаардлагатай байгаа.


Ноос ноолуурын салбарт дараах үйл ажиллагаа, хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Үүнд:

    1. ШУТИС-ийн ҮТС-ийн Shima Seiki сургалтын төвийг түшиглэн, ноос ноолуурын салбарын залуучууд, ЖДҮ-ийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг хамруулах сургалт;
    2. МННХ-ны HUB (цахим зангилаа төв) хөгжлийн дэд төслийн саналыг хэсэгчилэн санхүүжүүлэхдээ нэн тэргүүнд a) Олон улсын түвшинд үйлдвэрлэгчид өргөн хэрэглэж заншсан Пантон 2017-2018 Олон улсын өнгөний кодчилсон каталоги бүхий цомогтой болох, б) Экспортын чадавхитай ноос, ноолуурын салбарын босоо тогтолцоотой гүн боловсруулах бүх төрлийн үйлдвэрүүдийн танилцуулга бүхий нэгдсэн каталогийг хэвлэх в) Дэлхийн ноос, ноолуурын салбарын 7 хоног тутмын цахим мэдээллийн сонины захиалга хийхэд нь Юнитерра хөтөлбөр дэмжиж ажиллаа;
    3. Канадын МиниМиллс – ноос, ноолуур угааж, самнах, эсгийрүүлэх, будах, ээрэх мини технологийг төрийн байгууллагууд, боловсролын байгууллагууд, малчдын хоршоо болон бусад оролцогчдод сурталчилах арга хэмжээ;
    4. StartUp – Гарааны бизнесс эрхлэгч залуучуудын StartUp Weekends -ийн арга хэмжээг “Wool&CashmereHack” Ноос, ноолуурын салбарыг Мэдээлэл харилцаа холбооны технологи болон инновацитай уялдуулж, залуучууд эмэгтэйчүүдийг салбарт татан оролцуулж, салбарыг сурталчилан таниулах арга хэмжээ.

#-Ноос, ноолуурын холбооны HUB төслийн хүрээнд Юнитерра хөтөлбөрөөс юуны өмнө санхүүжүүлэх боломжтой дэд бүрэлдэхүүн хэсгүүд юу вэ?

Ноос, ноолуурын холбооны HUB төслийн хүрээнд Юнитерра хөтөлбөрөөс юуны өмнө санхүүжүүлэх боломжтой дэд бүрэлдэхүүн хэсгүүд байсан ба үүнийг Зөвлөлийн гишүүд цааш нь бусад гишүүд болон байгууллагынхаа маркетинг болон хими технологийн эсвэл бараа бүтээгдэхүүн худалдан авагч логистикийн багтаа танилцуулж, үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэнээр, олон улсад давамгайлж буй өнгөний зөв нарийн мэдлэг, мэдээлэлтэй болж, улмаар экспортын гүйцэтгэлд эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна. Цаашид цахим худалдан авалтын платформуудыг хөгжүүлж, дотоодын үйлдвэрлэгч нар гадаадын захиалагч нараас дээрх Pantone өнгөний коодчиллоор дамжуулан, захиалганыхаа өнгөний хувьд зөв орчуулж, хөрвүүлэхийн тулд програм бичих, цахим хуудсанд суулгах ажлууд дээр талууд хамтран ажиллах шаардлагатай гэж үзэж байгаа.


МННХ-ны Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг: Ноолуурын салбар 2016 онд 800 гаруй тэрбум төгрөгийн борлуулалт хийснээс 70% нь буюу 500 гаруй тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг 30 гаруй оронд экспортлосон байна. Өнөөдрийн байдлаар хөнгөн үйлдвэрийн салбарын экспортын 57 хувийг ноолуур эзэлж байгаа хэдий ч улсын хэмжээнд нийт экспортын бүтээгдэхүүний 6% байгаа нь чамлалттай үзүүлэлт юм.