“Өмнөх мэдлэг, ур чадварын үнэлгээ” сэдэвт хэлэлцүүлэг

Германы Олон Улсын Хамтын ажиллагааны нийгэмлэг (ГОУХАН)-ийн “Түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” төсөл Европын холбооны “Монгол Улсын техник, мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих” төслийн хамтарсан хэлэлцүүлэг энэ оны 12-р сарын 20-нд амжилттайгаар зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлэгт Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам,  Мэргэжлийн боловсрол сургалтын (МБС) Үнэлгээний төв, МБС-ын байгууллагууд болон төслийн төлөөллүүд оролцов.

Уулзалтын зорилго нь амьдралаас олж авсан мэдлэг, ур чадварын үнэлгээнд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх, 2018 онд төслийн хүрээнд зохион байгуулж болох үйл ажиллагаануудыг тодорхойлоход оршино. Энэ хүрээнд хэлэлцүүлгийн үеэр албан бусаар амьдралаас олж авсан мэдлэг, ур чадварын үнэлгээний бодлогын хэрэгжилтийн төлөвлөгөө, аж ахуйн нэгжийн оролцоо ба гүйцэтгэх үүрэг, хүний нөөцийг чадавхжуулах үйл ажиллагаа зэрэг асуудлуудыг хөндсөн юм.

Оролцогч талууд 2018 онд эдгээр асуудлуудыг шийдвэрлэх тал дээр дэлгэрэнгүй үйл ажиллагааны төлөвлөгөө гаргасан бөгөөд ирэх ондоо мөрдөн ажиллахаар болов. Дараа жилээс энэхүү төлөвлөгөөнийхөө үр шимийг хүртэж эхэлнэ гэж найдаж байна.