Цахим Хичээлийн Технологи-Монголын МБС-ын Салбарт

МСҮТ, коллежийн багш нарын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг “Цахим хичээл-2017” улсын уралдааны эцсийн шатны шалгаруулалт өнөөдөр буюу 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатарын Бүсийн Аргазүйн Төв дээр болж, амжилттай өндөрлөлөө. Өмнөх 2 шатнаас нийт 8 цахим хичээл шалгарч үлдсэн ба эдгээрээс хичээлийн чанар, технологиороо эхний байруудад дараах нэр бүхий сургуулиудын багш нарын багийн бүтээлүүд шалгарлаа. Үүнд:

  • 1-р байранд Өвөрхангай аймаг дахь МСҮТ-ийн багш Ж.Бат-Ирээдүй, Б.Мөнгөншагай, Г.Тунгалаг, Н.Өсөхбаяр нарын хамтран боловсруулсан “Малын асаргаа”;
  • 2-р байранд ТТДС-ийн багш П.Батболдын “Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээ”;
  • 3-р байранд Дархан Өргөө ПК-ийн багш Х.Ариунболд, Б.Дөлмөнх, Ц.Баянмөнх нарын хамтран боловсруулсан “Тусгаарлалтын ажил гүйцэтгэх”,
  • Тусгай байранд Хууль Сахиулахын Их Сургуулийн харьяа Ахлагчийн сургуулийн багш Э.Баттөрийн “Галын бэлтгэл” хичээлүүд тус тус шалгарлаа.

Уралдааныг зохион байгуулахад Улаанбаатарын БАЗТ-өөс үндсэн удирдлагыг хэрэгжүүлж ажилласан ба Европын холбооны МБССДТ-2 төсөл санхүүжүүлэгчээр, “Мэргэжлийн Боловсрол Сургалт -Түншлэл” ТББ бид дэмжигчээр хамтран ажиллаа.

Энэ удаагийн тэмцээний онцлог

Энэ удаагийн тэмцээнд оролцсон хичээлийн чанар, багш нарын цахим хичээлийн талаарх ойлголт нь өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад илүү ахисан түвшинд хүрсэн байлаа. МСҮТ, коллежууд нь Цахим хичээл боловсруулах баг бүрдүүлж ажиллаж эхэлж буй нь уг хичээлийн боловсруулалтын чанарт эерэгээр нөлөөлсөн нь харагдаж байна. Тухайлбал, уралдааны тэргүүлэгч Өвөрхангайн МСҮТ-ийн хичээлийг тухайн сургуулийн 4 багш баг болон ажиллаж, хичээлийг чанарын өндөр түвшинд боловсруулсан байлаа.

Хөвсгөл МСҮТ-ийн багш Ж.Батбаатарын “Цаасан өнгөлгөөний ажил” хичээлийг тухайн багш маш их зүтгэл гаргаж боловсруулсан, Дархан-Өргөө политехник коллежийн багийн боловсруулсан “Тусгаарлалтын ажил гүйцэтгэх” хичээлийг сургалтанд нэвтрүүлж, үнэлсэн байдал, түүнийг интернэтэд байршуулсан, Техник технологийн дээд сургуулийн багийн “Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээ” хичээлийн танилцах дадлагын хэсэг, мөн Хууль Сахиулахын их сургуулийн Ахлагчийн сургуулийн цахим хичээл нь анх удаа цэрэг, зэвсэгт хүчний сэдвээр боловсруулагдаж буйгаараа тус тус онцлогтой байлаа.

 

     

Уралдаанд оролцсон нийт багш, сургууль, тэдгээрийн удирдлагуудад халуун баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.

Мэргэжлийн Боловсрол, Сургалт Түншлэлийн хамт олноос