Хөдөлмөр, Нийгмийн Хамгаалал, Залуучуудын Хөгжлийн Байгууллагууд Нээлттэй Ажиллаж Байна

Ард иргэдийнхээ нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, залуучуудын хөгжил, ур чадварын сургалт гээд улс орны чухал салбаруудыг хариуцдаг Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын яам энэ өдрүүдэд олон нийтэд үйл ажиллагаагаа нээлттэй танилцуулж байна. Сүхбаатарын талбай,  21 аймгийн төвд 6-р сарын 19-20 -ний өдрүүдэд болж буй энэхүү үйл ажиллагаанд харъяа салбар байгууллагууд оролцож, иргэд, олон нийтэд ойртон үйлчилж байна.  Үндэсний аж ахуйн нэгжүүд нээлттэй ажлын байрандаа иргэдийг бүртгэж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын мэргэжилтнүүд үйлчилгээгээ дэлгэж, ХХҮЕГ-ын хэлтсүүд зорилтот бүлгийн иргэдэд мэдээлэл өгч Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, харьяа байгууллагууд нээлттэй ажиллаж байна.

Техник, мэргэжлийн боловсрол сургалт (ТМБС)-ын салбарын байгууллагуудтай эндээс танилцах боломжтой:

Хөдөлмөрийн зах зээлд хамгийн эрэлттэй мэргэжлүүдийн 70 орчим хувийг техник, мэргэжлийн боловсрол, сургалтаар эзэмшдэг ажил мэргэжлүүд эзэлж байна. Энэ нь манай улс орны бүтээн байгуулалтад мэргэжилтэй ажилтан чухал хэрэгцээтэй, тэдний үүрэг өндөр болохыг илэрхийлж байна. ТМБС-ын үйл ажиллагаа эрхэлж буй МСҮТ, Политехник коллежууд Сүхбаатарын талбайд болж буй Нээлттэй Хаалганы Өдөрлөгт оролцож байна. Хүнс, барилга, оёдол, гоо сайхан, техник мэргэжлийн гээд олон төрлийн мэргэжлүүдийн танилцуулга, элсэлтийн талаарх мэдээллийг эндээс авах боломжтой байна.

 

 

 

Хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, нийгмийн даатгалын талаар асуулт байвал Сүхбаатарын талбайг зориорой: 

Монгол Улсын Засгийн газар энэ онд 45 000 ажлын байр бий болгох зорилт тавьсан. Үүнийг дэмжиж, хамтран ажиллаж, иргэдээ ажлын байртай болгож буй хувийн хэвшил, үндэсний компаниуд энд өөрсдийн танилцуулга болон ажлын байрны бүртгэлийг хийж байна. Нээлттэй Хаалганы Өдөрлөгийн үеэр зарлагдаж буй 20 000 ажлын байрыг зорьж, бүртгүүлэхээр ирсэн залуучуудын хөлд дарагдсан өдөрлөг болж байна.

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар Сүхбаатарын талбайд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байна. Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлж буй эмчилгээ, эмийн хөнгөлөлт болон эмийн сангийн талаар тодруулах боломжтой. Энд мөн Элэг Бүтэн Монгол хөтөлбөрийн мэдээлэл болон эмийн танилцуулга ч дэлгэгдсэн байна.

Өдөрлөгийг нээж ХНХ-ын сайд Н.Номтойбаяр үг хэлсэн бол хөтөлбөрийн дагуу төрийн болон төрийн бус байгууллагууд үйл ажиллагааны танилцуулга, мэндчилгээ, сурталчилгаагаа хийж байна. Нээлттэй хаалганы өдөрлөг маргааш мөн үргэлжилнэ.