Төслийн удирдагчдын уулзалтыг зохион байгууллаа

Төслийн удирдагч нарын 7 дахь удаагийн уулзалтыг 2016 оны 10-р сарын 7-9-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд МБС Түншлэлээс зохион байгууллаа.

Өнгөрсөн жилийн 12-р сараас эхлэн МБСТүншлэлээс уламжлал болгон Төслийн удирдагч нарын сар тутмын уулзалтыг зохион байгуулж байна. МБС-ын салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа хөгжлийн туслалцаа үзүүлэгч, түншлэгч байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа, харилцаа холбоог сайжруулах, мэдлэг, мэдээллийн солилцоог нэмэгдүүлэх, хамтран ажиллах арга замуудыг тодорхойлдогоороо онцлог, ач холбогдолтой уулзалт юм.

Энэ удаад Төслийн удирдагч нарын уулзалтыг семинар байдлаар илүү өргөн хүрээтэй зохион байгуулж, Дундговь аймгийн МСҮТ болон Даланзадгад сумын Политехник коллеж дээр зочлон төслүүдийн хэрэгжүүлсэн ажлын явц, үр дүнтэй танилцаж цаашид хөдөлмөр, МБС-ын салбарын төсөл хөтөлбөрүүдийн хамтын ажиллагаа, уялдааг сайжруулах чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүллээ.

Мөн МУ-ын Хөдөлмөр,нийгмийн хамгааллын яам (ХНХЯ)-ны Мэргэжлийн боловсрол, сургалтын хэлтсийн дарга А.Халиунаа оролцож, салбарын бүтэц, үйл ажиллагаа, стратеги зорилтууд, МБС-ын тухай хуулинд орсон нэмэлт өөрчлөлтийг танилцуулж, яамны зүгээс төслүүдтэй хамтран ажиллах чиглэл, үйл ажиллагааны талаарх сүүлийн үеийн мэдээлэл, цаашид хамтран ажиллах чиглэл боломжуудыг хэлэлцэв.Тун удахгүй бид та бүхэнд тус семинарын үр дүнгийн тайланг цаашид хэрэгжүүлэх ажлуудын төлөвлөгөөний хамт дэлгэрэнгүй мэдээлэх болно.