Нийт 5 МСҮТ, Коллежид Хэрэгжсэн Жендерийн Төсөл Үр Дүнгээ Хэлэлцлээ

Жендерийн сэдвээр хэрэгжиж буй Жүжигчилсэн Тоглолтоор Дамжуулан Жендерийн Тэгш Байлыг Мэдээлэх нь (G.A.T.T -Gender Awareness Through Teatre) төсөл нийт 5 МСҮТ, коллеж дээр амжилттай явагдаж, төслийн гүйцэтгэлийг үнэлэх, дүгнэх шатандаа явж байна. Энэ төслийн өнөөдрийн байдлаар хүрсэн үр дүн, цаашид хэрхэн өргөжүүлэн үргэлжлүүлж болох гарцуудыг ярилцахаар Юнитерра Монгол хөтөлбөр, МБСТ ТББ, ЕХ-ны МБСДТ-1, ГОУХАН-ийн АМСТСМБС төсөл, АХБ-ны ХЭДТөслүүдийн хамтарсан уулзалт өнөөдөр боллоо. Энэ төслийг үргэлжлүүлэх, тогтвортой байдлыг хангах чиглэлээр уулзалтад ирсэн төсөл, хөтөлбөрүүдийн төлөөлөл хамтран ажиллахаар саналаа өглөө.
Сүүлийн жилүүдэд МБС-ын салбарт тоног төхөөрөмж, хүний нөөцийн чадавх бэхжүүлэх чиглэлээр хөрөнгө оруулалт хийгдэж, хэд хэдэн төсөл хөтөлбөрүүд идэвхтэй ажиллаж байгаа ч жендерт суурилсан нийгмийн хандлага, сургууль, сургалтын орчинд гарч буй жендерийн асуудлыг хөндсөн үйл ажиллагаа, санал санаачлагууд хэрэгжиж буй нь цөөн байна. Жендерт суурилсан ялгаварлан гадуурхалт нь хувь хүний сэтгэл зүй, нийгэмшилтэд сөргөөр нөлөөлдөг. Үүнийг шат шатны боловсролын байгууллагууд анхааралдаа авч, суралцагчдад мэдлэг, мэдээлэл өгөх нь зүйтэй юм.
Энэ шалтгаанаар анхлан санаачилж, хэрэгжүүсэн Г.А.Т.Т төсөл нь сонгогдсон МСҮТ, коллежийн багш, суралцагчдын зохион, найруулсан жүжигчилсэн тоглолтоор дамжуулан сургалтын орчин дахь жендерт суурилсан ялгаварлан гадуурхалтыг хөндөх, түүнийг шийдвэрлэх уриалгыг гаргах зорилготой юм. Төсөл дараах 3 үе шаттайгаар хэрэгжиж байна. Үүнд:
  1. Төслийн хэрэгжилтийн эхний шатанд нийт 3 МСҮТ, коллежийн 84 багш, оюутнуудтай 6 удаагийн фокус груп ярилцлага хийж, сургалтын орчинд элбэг гардаг жендерт суурилсан асуудлуудыг илрүүлсэн.
  2. Дараагийн шатанд Улаанбаатар хотын Монгол-Солонгосын Политехник Коллеж, Техник Технологийн Дээд Сургууль болон ШУТИС-ийн ҮТС-ийн дэргэдэх МСҮТ, орон нутгийн Дорнод МСҮТ, Дархан-Өргөө Политехник коллеж гэсэн 5 сургуулийн багш, оюутнуудыг оролцуулсан 1 өдрийн семинар, уулзалтыг зохион байгуулж, уулзалтаар тухайн сургуулийн багш, оюутнуудын хамтарсан жендерийн сэдвээр жүжигчилсэн тоглолтын зохиолыг гаргаж, жүжгийн бэлтгэлийг хийлгэсэн. Энэхүү 5 удаагийн уулзалт, семинарт нийт 52 багш ажилчид, 90 суралцагч хамрагдлаа.
  3. Сүүлийн шатанд Жүжигчилсэн тоглолтыг сургуулийн бусад суралцагч, багш нарт үзүүлэхээр бэлтгэсэн ба өнөөдрийн байдлаар 2 сургуульд хэрэгжүүлээд байна. Энэ 5 сар болон 6 сарын эхний долоо хоногт багтан энэхүү сүүлийн шатныг үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

ЕХ-ны Мэргэжлийн Боловсролыг Дэмжих Төсөл-1-ийн санаачлага, санхүүжилт, Юнитерра Монгол хөтөлбөр, Мэргэжлийн Боловсрол Сургалт, Түншлэл ТББ -ын хамтарсан G.A.T.T төсөл нь Монголын МБС-ын салбарт агуулгын хувьд шинэлэг, үр дүнтэй, хэрэгцээтэй үйл ажиллагаа болсон нь өнөөдрийн уулзалтын танилцуулгаас харагдаж байлаа.