Монгол Улс ОХУ-ын Дэлхийн ур чадварын тэмцээнтэй холбогдох Харилцан ойлголцлын санамж бичиг солилцлоо.

Свердловск мужийн Екатеринбург хотноо энэ сарын 3-7-нд болж буй “Дэвшилтэт технологи-ур чадвар” буюу “WorldSkills Hi-Tech-2017” тэмцээнд ОХУ-ын 16-28 насны  залуусаас бүрдсэн тэргүүлэх компани, байгууллагын 29 багууд мэргэжлийн ур чадвараа сорьж буй юм. Зөвхөн өөрийн орны залуусыг өрсөлдүүлдэг уг тэмцээнийг ОХУ дөрөв дэх удаагаа зохион байгуулж буй бөгөөд цар хүрээг нь өргөжүүлж олон улсын чанартай болгох зорилгоор Австри, Бразил, Казакстан, БНХАУ, Швейцарь, Өмнөд Африк зэрэг долоон улсыг дараа дараагийн тэмцээнүүдэд оролцуулахаар урьсны дотор Монгол Улс багтжээ.

Хоёр жил тутам болдог Дэлхийн ур чадварын тэмцээнд манай улс анх удаа 2015 онд есөн мэргэжлээр оролцсон бөгөөд  2017 онд АНЭУ-ын Абу Даби хотноо саяхан болж өнгөрсөн 44 дэх удаагийн ур чадварын олимпод зургаан мэргэжлээр амжилттай өрсөлдөж, гагнуурын төрлөөр тусгай байрт шалгарсан нь “WorldSkills Hi-Tech”-д хүч сорих урилгыг хүлээж авах нэг шалтгаан болсон байна.

Урилга гардсан улс орнуудыг энэ удаагийн “WorldSkills Hi-Tech”-д ажиглагчаар оролцохыг урьсны дагуу Монголоос ХНХЯ-ны Мэргэжлийн боловсрол, сургалтын хэлтсийн дарга А.Халиунаа албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна. Тэрбээр тэмцээний үйл явцтай танилцах, туршлага судлах, 2019 онд болох Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох эксперт багшийг чадавхжуулах, хоёр улсын үндэсний тэмцээнүүдэд суралцагчдыг харилцан өрсөлдүүлж,туршлага солилцох зэрэг асуудлаар санал солилцохын хамт энэ сарын 4-нд ОХУ-ын Дэлхийн ур чадварын холбоо буюу Залуу мэргэжилтэн, чадварлаг ажилчдын хөгжлийн агентлагийн ерөнхий захирал Р.Н.Уразовтай Дэлхийн ур чадварын тэмцээнийг хөгжүүлэх, хамтран ажиллах чиглэлээр Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ.

Санамж бичиг байгуулснаар Дэлхийн ур чадварын стандартад суурилж хоёр орны мэргэжлийн боловсролын чанарыг сайжруулах, Дэлхийн ур чадварын тэмцээний чиглэлээр Евро-Азийн орнуудын хамтын ажиллагааг дэмжиж, олон улсын төслүүдийг хамтран хэрэгжүүлэх, үндэсний багаа чадваржуулах, туршлага солилцох арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулах боломж бүрдэж буй юм.