МБС-ын салбарынхан 2019 оны Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох зохион байгуулалтын бэлтгэлээ эхэллээ

Энэ оны 10 дугаар сард АНЭУ-ын Абу Даби хотноо зохион байгуулагдсан Дэлхийн ур чадварын тэмцээнээс авсан туршлага, цаашдын үйл ажиллагааны төлөвлөлт хийх уулзалт энэ сарын 16, 17-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

МБС-ын салбарт бэлтгэдэг мэргэжлүүдээр дотооддоо хэд хэдэн үе шаттай зохион байгуулагддаг мэргэжлийн уралдаан (Монгол Ур Чадвар)-аас шилдгээ шалгаруулж, дэлхийн хэмжээний энэхүү чухал тэмцээнд чансаагаараа өрсөлддөг уламжлалтай. Иймээс дотоодын тэмцээнийг сайн зохион байгуулалттай хийх нь олон улсын тэмцээнд амжилт гаргах гол суурь болдог.

Мэргэжлийн холбоод нь дотоодын тэмцээний зохион байгуулалтад чухал үүрэгтэй оролцдог бол донор байгууллагууд нь санхүүжилтийн асуудлыг шийдэж, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллыг Яам (ХНХЯ) нь Мэргэжлийн Боловсрол Сургалт Түншлэл (МБСТ) ТББ-тай хамтран тэмцээний албан ёсны бэлтгэлийг хариуцдаг.

Монгол ур чадварын тэмцээний бэлтгэлийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа уг семинарыг Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Түншлэлд суурилсан МБС төсөл” (ТСМБС төсөл) удирдан хариуцсан. Энэхүү семинарт ХНХЯ, МБС-ын салбарын төлөөлөгчид, 2015 болон 2017 оны Дэлхийн ур чадварын тэмцээний оролцогчид, эксперт багш нар, үнэлгээний төв, тэмцээний зөвлөхүүд, мэргэжлийн холбоод, , МБСТ ТББ-ын  40 гаруй төлөөлөгчид оролцов.

Хэлэлцүүлгээр өмнөх туршлага, цаашид анхаарах зүйлсээ дэлгэрэнгүй ярилцаж, алдаа оноон дээрээ дүгнэлт хийн, дараагийн тэмцээнийг илүү амжилттай зохион байгуулах зорилготой юм. Энэхүү семинарыг зохион байгуулагч ТСМБС төслийн ахлах мэргэжилтэн хатагтай Д.Оюунаа “Уулзалтын эцэст урьд урьдын жилийн туршлагаасаа суралцаж, дараагийн тэмцээний нарийн төлөвлөгөөг гаргаж чадна” гэсэн хүлээлттэй байгаагаа тодотгов. Мөн “Цахилгаан угсралт”-ын эксперт багш Б.Эрдэнэ: тэмцээнээс олж авсан хамгийн том туршлага болох “ОУ-ын тавцан дахь байр сууриа мэдэх, бусад орноос чанартай мэргэжлийн гүйцэтгэлийн талаар суралцах боломжийг олж авсан бөгөөд дараа дараагийн удаа илүү их амжилт гаргахаар тэмүүлнэ” гэдгээ ч илэрхийлэв.

Олон талыг хамарсан энэхүү уулзалтаас бүх талууд өөрөө өөртөө дүгнэлт хийж, багийн ажиллагаа болон бэлтгэл ажлаа сайжруулснаар 2019 онд ОХУ-ын Казан хотод зохион байгуулагдах тэмцээнд амжилттай оролцоно гэж найдаж байна.