“Дэлхийн ур чадвар” тэмцээнд оролцогч Монголын багийн нэгдсэн сургалт боллоо


Хүн бүр хүүхдээ их, дээд сургуульд оруулахыг урьтал болгож байгаа энэ үед Оюутолгой зэрэг томоохон бүтээн байгуулалтыг дагаад мэргэжилтэй боловсон хүчин улс эх оронд ус агаар шиг хэрэгтэй байна. Иймд мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, политехник, коллежийн суралцагчдын идэвхийг сэргээх, салбарын нэр хүндийг өсгөхөд 77 орны шилдгүүд өрсөлддөг “Дэлхийн ур чадвар” тэмцээн үнэлж баршгүй хувь нэмрээ оруулдаг юм.


Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг “Дэлхийн ур чадвар” тэмцээн энэ жилийн 10 дугаар сард Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод болно. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, политехник, коллежийн шилдгүүд оролцдог энэхүү нэр хүндтэй тэмцээнд манай улс энэ жил зургаан мэргэжлээр оролцох бөгөөд ерөнхий зохион байгуулагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Мэргэжлийн боловсрол, сургалтын хэлтэсээс энэ 8 дугаар сарын 16-18-ны хооронд амжилттай зохион байгуулсан уг сургалтад Мэргэжлийн боловсрол, сургалт түншлэл ТББ хамтран хэрэгжүүлэгч, ГОУХАН-ийн Түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт төсөл санхүүжүүлэгчээр тус тус хамтран ажиллалаа.

Энэхүү сургалт нь Монголын багийн гишүүдийн хамтын үйл ажиллагааг дэмжих, цаашдын ажлын төлөвлөгөөг хэлэлцэх, тэмцээний бэлтгэл, бусад мэдээллийн талаар нэгдсэн ойлголтыг өгөх, тэмцээний оролцогчдыг хувь хүний хөгжлийн түвшинд чадавхжуулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үндсэн зорилготой. Энэ хүрээнд хамтран ажилласан Глобал бизнес нетворкинг груп ХХК,  МУИС-ын багш, доктор, дэд профессор М.Дэлгэржав болон Монголын Зочлох үйлчилгээний холбоонд зохион байгуулагчдын зүгээс гүн талархал илэрхийлье.

Дэлхийн ур чадварын байгууллага нь 77 орныг эгнээндээ нэгтгэж, мэргэжил, мэргэжлийн дэлхийн шилдгүүдийг тодорхой даалгаврын дагуу ур чадварыг нь сорьдог билээ. 2015 онд манай улс анх удаа 9 мэргэжлээр оролцож, мужааны төрөлд оролцогч шагналт 500 онооноос 480 авч өндөр амжилт үзүүлж байсан юм. Харин энэ жил мужаан, сантехник, гагнуур, өрөг угсралт, цахилгаан, тогооч гэсэн зургаан мэргэжлээр оролцоно.


Дэлхийн ур чадварын тэмцээний оролцогчид 2015 онд Бүгд Найрамдах Солонгос Улсад бэлтгэл хийж байсан бол энэ жил Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн шугамаар Герман болон Хятад улсад 21 хоногийн бэлтгэлд хамрагдаж эхэлжээ. Иймээс Монгол улсын оролцогчид 2015 оны амжилтаа ахиулахын төлөө бэлтгэлээ шаргуу базааж байна.