Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцогч баг, багийн ахлагчийн хамт Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотыг зорилоо.

Монгол улсаа төлөөлөн Дэлхийн ур чадварын тэмцээний оролцогч баг хилийн чанадад ур чадвараа сорихоор хөлгийн жолоо заллаа.

Энэ удаагийн Дэлхийн ур чадварын тэмцээн нь энэ сарын 14-19 хооронд 44 дэх удаагаа Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо зохион байгуулагдах гэж байна. Уг тэмцээнд 77 орны төлөөлөгчид 51 мэргэжлийн чиглэлээр бэлтгэл ажлаа эхлүүлж албан ёсны бүртгэл хийлгэсэн байна.  Манай орноос Дэлхийн ур чадварын тэмцээнд зургаан оролцогч өрөг угсралт, гагнуур, цахилгаан, мужаан, тогооч, сантехник гэсэн мэргэжлээр өрсөлдөнө.

Герман, Швейцари, Австралийн Засгийн газрын санхүүжилтээр ”Ашигт малтмалын түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол, сургалт” төслийг ХНХЯ-тай хамтран Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хэрэгжүүлж буй төслийн шугамаар таван оролцогчийн бэлтгэлийг ХБНГУ болон БНХАУ-д хангасан, гагнуурын оролцогчийн бэлтгэлийг Оюу толгой бүрэн хариуцсан.

Монгол улс 2014 онд Дэлхийн ур чадварын холбооны 69 дэх гишүүн орон болжээ. Анх 2015 онд Бразилийн Сан Паоло хотноо болсон тэмцээнд есөн мэргэжлээр оролцож, 60 орноос 42-р байр эзэлсэн.

Мэргэжлийн боловсон хүчин ус агаар мэт хэрэгтэй байгаа энэ цагт оролцогчиддоо амжилтын дээдийг хүсэн ерөөе!